Анагаах ухааны доктор Б.Болормаа нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Гастроэнтерологийн төвийн дэд профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн эмч юм. Тэрээр ОХУ–ын Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулийг дүүргэсэн. Доктор Б.Болормаа нь Монголын Гастроэнтерологийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын MASLD нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Түүний судалгаа, эмнэлзүйн үндсэн чиглэл нь вируст хепатит (B, C, D), элэгний хатуурал, түүний хүндрэлүүд (HRS, SBP, ACLF) болон бодисын солилцооны шалтгаант элэгний өөхлөлт (MASLD) юм. Тэрээр элэг шилжүүлэн суулгах, тэр дундаа цусны бүлэг тохирохгүй (ABOi) шилжүүлэн суулгалтын өмнөх болон дараах хяналтыг хариуцан ажилладаг туршлагатай трансплант–гепатологич юм. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн зохицуулах хорооны гишүүн бөгөөд дотоод, гадаадын сэтгүүлд 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлжээ.